Saturday, October 24, 2009

Амны хаалт хэрэглэх нь халдвараас сэргийлэхэд үр дүнгүй

Манай улсад хүний томуугийн А хүрээний /H1N1/ шинэ халдвараар өвчилж онош нь батлагдсан иргэний тоо 139 тохиолдолд хүрээд байна. Үүнээс мэргэжлийн байгууллагын идэвхтэй тандалтын дүнд 77 хүнийг илрүүлжээ. Одоогоор эмнэлэгт 62 хүн хэвтэж байна.



A хүрээний вирүсийн халдвар Налайх, Багануур, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймгуудад тархаж есөн хүн өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс дэлхий даяар тархаад байгаа гахайн томууны вирусын тархалтыг таслан зогсоох, өвчнийг хохирол багатай даван туулах, өвчилсөн хүмүүсийг эрт оношилж цаг алдалгүй хурдан эмчлэх нь эрүүл мэндийн ажилтнуудын чухал үүрэг болоод байгаа юм. Харин энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь хувь хүн бүрийн үүрэг болоод байгаа тухай эрүүл мэндийн болсон хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хамгийн чухал нь энэ өвчний тархалтыг тогтоох, олон нийтийг мэдээлэл хүргэхээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг зайлсхийж, харин үнэн зөв мэдээлэл хүргэх нь туйлын чухал болоод байгааг хурал дээр онцолж байлаа. Иймээс дээрх халдвардад олон нийт урьдчилан сэргийлэх ямар арга хэрэглэх нь үр дүнтэй вэ гэдэг талаар Эрүүл мэндийн газрын дарга Ц.Содномтой уулзаж дараах асуултад хариултыг авлаа.

-Энэ өвчиний халдвар сүүлийн хоёр өдөр нэлээд эрчтэй тархаж байна. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авах нь илүү үр дүнтэй вэ. Амны хаалт хэрэглэх нь төдийлөн үр дүн өгөхгүй байгаа тухай мэдээлэл их цацагдах юм?

-Хүний болон гахай, шувууны томууны үүсгэгч вирүсүүдийн эрлийжсэн хэлбэр болох Н1N1 томуугийн вирүсний шинэ халдвар нь манайд тархаад байна. Энэ өвчин нь зөвхөн агаар дуслын замаар тархаад зогсохгүй, ахуйн замаар халддаг. Тиймээс айл өрх байгууллага хамт олноороо энэ өвчинтэй тэмцэж, аль болох бага хохиролтой даван туулах нь чухал байна. Энэ халдварт өртөхгүй байхын тулд айл өрх, хамт олон бүр гар угаах шаардлага хангасан орчинг бүрдүүлж, хүн бүр гараа зөв дарааллын дагуу сайтал тогтмол угааж хэвших хэрэгтэй. Тэр орон, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж хоёр цаг тутам 15-20 минутаар агааржуулж занших хэрэгтэй.

Үүнээс гадна олон нийт өглөө бүр хоолой салстаа сармис, сод давсны уусмалаар арав хоног тутам зайлах нь энэхүү томуугийн халдвараас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Мөн ханиаж найтаахдаа ам хамраа нэг удаагийн алчуураар халхлах, боломжгүй бол суга шууны хэсгээр таглаж бусдад халдвар тараахаас сэргийлэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү үр дүнтэй. Амны хаалтыг эрүүл хүмүүс хэрэглэх нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Учир нь манайхан нэг амны хаалтаа бүтэн өдрийн туршид хэрэглэчихдэг. Харин өвчтэй хүмүүс амны хаалт зайлшгүй хэрэглэх нь зүйтэй. Хамгийн гол нь амны хаалтаа зөв хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Энэхүү халдварт өртсөн хүмүүс эдгэрсний дараагаар ямар нэгэн эмгэг үлдэх үү. Ирэх сард энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга орж ирэх учиртай. Эхний ээлжинд ямар хүмүүс тарилгад хамрагдах бол?
-Энэ өвчний халдвар авч эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсд ямар нэгэн эмгэг үлдэц үлдэхгүй гэж ойлгож болно. Өндөр настай хүмүүсийн хувьд тухайлбал 65-аас дээш насны хүмүүс болон суурь өвчинтэй бол хүндрэх магадлал өндөр бий. Урьдчилан сэргийлэх тарилгын хувьд хүн амын хоёр хувийг хангах хэмжээний тарилга орж ирнэ. Мэдээж энэхүү халдварт өртөх өндөр эрсдэл бүхий бүлэгт эхний ээлжинд хийх байх.

Одоогоор энэ талаар тодорхой яриагүй байна. Үүнийг .Эрүүл мэндийн яамны шийдэх асуудал гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар ямар ч байсан эхний ээлжинд эмч мэргэжилтнүүд зайлшгүй хамрагдах ёстой.

No comments:

Post a Comment

зураг

зураг